Чи замаараа яв, би замаараа явья, зам нийлвэл хамтдаа явья.

Монгол гүн Ларсон номын тухай

Энэхүү номын тухай анд Батзориг, Ганбаатар нар энд бас энд сайхан ривью, тойм бичиж байсан билээ. Уг ном монголчуудын тухай бичсэн "Марко Пологийн аян замын тэмдэглэл", Гилиом де Рубрук, Плано Карпини нарын "Монголчуудын түүх" зэрэг номуудаас дутахааргүй түүхийн чухал эх сурвалж болж чаджээ. Тэдгээр аялагчид, судлаачдаас ялгаатай нь тэрээр Монгол орон, Монгол ахуй, Монгол ард түмэнд туйлаас дуртай хүн байсан тул муу муухайг доромжлох маягаар бичээгүй харин нь ч эерэг талаас нь бичсэн байна.

Шведийн иргэн, Богд хаант монгол улсын гүн Август Ларсон бага наснаасаа морь унаж, адуутай ноцолдож өссөн, моринд их хайртай болохоороо монголд ингэж их удаан ( 35 жил) амьдарч тэдний тухай ном бичсэн болов уу. та бүхэнд өөрт таалагдсан хэсгээс товч толилуулья.

"Адуу" бүлгээс:

Монголд банк гэж байхгүй адуу бол энэ орны мөнгө. Хэн нэгнээс энэ зүйл, тухайлбал эрдэнийн чулуун толгойтой хөөрөг, эсвэл эрдэнийн шигтгээтэй толгойн чимэг, аль эсвэл хуван гаанс, шүрэн шигтгээтэй хэт цахиур ямар үнэтэй вэ? хэмээн асуувал, тухайн зүйлийн үнэ цэнээс хамааран нэг морь, эсвээс таван морь, эсвээс бүүр таван зуун морины үнэтэй гэнэ.

Хэрвээ монгол хүн хааяа Хятад, Оростой наймаа хийгээд мөнгөө гар дээрээ авах юм бол шууд мал болгон хувиргана. Тэгээд авч болохоосоо илүү адуу болгоно. Монголын газар алт, мөнгөний арвин их нөөцтэй. Олон зууны өмнөөс хаана тэр металл байдгийг мэддэг болсон боловч бөгж, зүүлт хийхэд хэдий хэрэг болно, төдий хэмжээгээр л олборлоно. Тийнхүү бага хэмжээгээр ашигладаг учраас түүнийг мөнгө болгон гүйлгээнд оруулах санаа төрсөнгүй ажээ. Харин адуу бол түүхэнд мэдэгдэх эрт цагаас л хөрөнгө хогшлын хэмжүүр болж ирсэн байна.
Адуу үнэ цэнээрээ ч, гоо зүйн хувьд хэзээд тэргүүнд явж ирсэн хэрэг. Адуу ажилд ч, зугаа цэнгэлд ч хэрэг болно. Хурдан морины уралдаан бол баярын хөтөлбөрт нь ордог чухал зүйл.

Адуутай цуг байх, морио унаад тал дундуур салхи татуулан дэл, сүүлийг намируулан давхиж явах гэдэг монгол хүний хувьд хэзээ ч эцэж, цуцаж байгаагүй дээд баяр баясгалан билээ.

Унаганы тоглохыг ажиглахын тулд эрчүүд, хүүхнүүд, хүүхэд цөм л мориныхоо амыг татна. Нэг сайхан бие галбиртай морь гэдэг монгол хүний хувьд яруу сайхан шүлэг л гэсэн үг. Өвгөцүүл өөрийн мэддэг байсан хурдан, хүчтэй, тэсвэр тэвчээртэй, сэргэлэн морины тухай ярих бүрд нүд нь сэргээд явчихна. Монгол хүүхдийг унтуулахдаа Донрон агуйд байдаг духан дээрээ цагаан сартай Босоо хээр хэмээх улаан зээрд азарганы тухай домгийг дуулж өгнө. Босоо хээр сэргэлэн, цог золбоотой, хөнгөн, хүч чадалтай азарга байж л дээ. Тэр их сэргэлэн тул хүний гарт ордоггүй, өгөөшинд хууртдаггүй амьтан юм гэнэ. Нэг бүхэл бүтэн алдарт сүргийн язгуур тэр азарганы үр төл юмсанжээ. Өнөөдөр бүх л алдартай хурдан хүлгүүдийг Босоо хээрийн удам хэмээн батална.

Монголчууд адууг дэндүү өндрөөр үнэлнэ. Тэр болгонд итгэх хэцүү. Адууны махыг иддэггүй мөн хүнд ачаа ачихгүй. Харин тэмээ, шар, заримдаа ядсан цагт саалийн үнээг хүнд ачаатай тэргэнд хөллөж, хүнд ачаа ачна. Адууг жүчээнд хорих зэргээр эрх чөлөөг нь боогдуулах нь үгүй, унахгүй үед сул тавин хээр талд дураараа давхиж явдаг.

Монголчууд малдаа хайртай, сайхан сэтгэлээр хандана. Ялангуяа адуундаа бүүр хайртай, тиймээс монгол морь эзнээсээ айж эмээхгүй. Чингис хааны үеийн монголчууд адууныхаа ач буянаар дэлхийн талыг эзэлсэн билээ.

"Ард түмэн" бүлгээс:

Зуны нэгэн өглөө би замаар явж байгаад нөхөөстэй хувцастай араг үүрч, савар барин аргал түүж яваа хижээл насны нэгэн авгайтай тааралдлаа. Монголын хойт, дорно хэсгийн их ойтой газраас бусад бүх газарт цорын ганц түлш нь аргал билээ. Аргал үнэргүй шатна. Дорхноо асан илчтэй гал дүрэлзнэ. Тэгээд ч утаа май багатай. Харин аргал түүх гэдэг бол газар шагайсан төвөгтэй ажил. Юм бүхэнд морь унахыг чухалчилдаг оронд зайлшгүй явган явах шаардлагатай ажил.

Сайхан морь унан яваа надад хог шороотой араг үүрээд аргал түүж яваа энэ эмэгтэй өрөвдөлтэй харагдлаа. Ийнхүү арай чадан түүсэн аргалынхаа нилээд хэдийг ноёндоо өгдөг бол хэмээн бодов. Нөгөө эмгэн намайг харснаа цэх шулуун зогсоод, яг л нэг хатан хүн шиг ихэмсгээр гэдийн байж надаас: -Чи гаднын хүн байна. Хаанаас ирсэн бэ, хүү минь? Аян замдаа сайн явж ирэв үү? гэхэд би товчхон хариулбал, эмгэн ихэд өрөвдөнгүйгээр: - Монгол хүн болж төрөөгүй нь юутай харамсалтай вэ? Хөөрхий минь. Гэхдээ амьд мэнд яваад энэ газар ирсэн нь ашгүй дээ, Хүү минь гэлээ.

Эмгэн шороо болсон хулсан савраараа аргал түүн эгээ л нэг хааны очир алмазаан шигтгээтэй таяг тулсан мэт ихэмсгээр цааш явлаа.

Цагаан сүүлтэй, хулан бор зүстэй олон зуун зээрийн сүрэг торгон өвс хазлан бэлчээрлэж, хээрийн зэрлэг туулай ( улаан өндөгний баяраар манайд үзэсгэлэнгийн цонхон дээр байдаг шиг) хэдэн арваараа гүйлдэн байх, хээрийн зэрлэг лиш цэцгийн үнэр анхилсан, талын дундуур тэр эмгэн аргал түүн, нөгөө л савраараа өвсний толгой илэн алхах ажээ.

Саарал хулгана хүнээс айсан шинжгүй, нүхний аман дээр нарлан зогсоно. Хөөндий болжмор шувуу жиргэн ниснэ. Нэгэн бялзуухай агаарт хөөрөн ниссэнээ өндгөө даран байгаа эмэгчин рүүгээ жиргэн буулаа. Ийнхүү олон хөгийн дуу явиа хөдөө талд эгшиглэнэ.

Үүнийг үзэн, түүнийг гайхан явах энэ зуур Монгол нутагт надтай дайралдсан хүн ард ямар их аз жаргалтай хүмүүс болонх нь урьд урьдынхаас улам илүү сэтгэлд бууж ирсэн билээ. Хамгийн ядуу айлын гэрээс ч инээх дуун гарч байдаг билээ.

3 comments:

A.Амарсайхан said...

"сайхан бие галбиртай морь гэдэг монгол хүний хувьд яруу сайхан шүлэг л гэсэн үг"

энэ бол монгол хүнийг үнэхээр мэдэрч бичжээ

baynaa said...

сайхан нийтлэл байна, баярлалаа...

"Монгол хүн болж төрөөгүй нь юутай харамсалтай вэ? Хөөрхий минь. Гэхдээ амьд мэнд яваад энэ газар ирсэн нь ашгүй дээ, Хүү минь гэлээ."

өөртөө итгэлтэй байна гэж үүнийг л хэлэх байх даа ;)

XACAP said...

buur setgel hodolchihloo ene nomiig olj unshih umsan. goe nom baigaa daa